Dienstag, 9. November 2010

Сургуулийнхаа 85 жилийн ойд зориулах дурсамж

Би Хэнтий аймгийн Дадал сумын "Хөдөлмөр" нэгдэлд адуучин байх үедээ тус техмикумд орж суралцсан юм.

Гэтэл би элсэлтийн шалгалтанд ороод тэнцсэнгүй тул намайг: " Агротехникийн кабинет тохижуулах юм, мужаан хий" гэсэн. Би мужаан хийдэг гарын дүйтэй байсан учир дуртайяа зөвшөөрч ажиллаад 20 гаруй хоногт кабинетыг бүрэн хийж дуусгасан. Кабинетын зургийг нь 2-р курсын оюутан байсан Раднаабазар гэдэг залуу зурж билээ. Кабинет хийж эхлээд хэд хоносны дараа шалгалтанд орох үедээ тоо нэмж хасаж чадахгүй байсан тухай бодогдож "Ингээд техникумд орж чадахгүй нь дээ, яах вэ?" гэж бодлогoширч явснаа нэгдлийн дарга, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ц. Чойдорж гуайд болсон явдлаа бичсэн захиаг хүнээр явуулсансан. Удалгүй Чойдорж дарга хүрч ирж кабинет хийлгэсэн орос багш Бихтуев, сургуулийн захирал Нанзад нартай уулзан намайг Зоо-Мал эмнэлэгийн ангид оруулж өгсөнд би их баярлаж билээ.

Анх Бор багшийн шавь болж 3-р курсээс Хишгээ багшийн удирдлага, анги хамт олныхоо дэмжлэгээр сургуулиа төгссөнийг санан дурсхад сайхан байна. Тус сургуулиа 1963 онд төгсөөд Төв аймагт саналаараа очиж Алтанбулаг суман дахь "Монгол-Солонгосын Найрамдал" нэгдлийн үнээн фермийн даргаар ажиллаж байгаад 1964 оны 4-р сараас ХАА-н яамны мал эмнэлгийн экспедицд малын бага эмчээр ажиллаж байв. 1965 оноос уг экспедиц татан буугдахад Мал Эмнэлгийн СЭВ-ийн шинжилгээний төвд эмчээр шилжин ажиллаж байтал 10 их эмчийг жолооч болгох ажлын шаардлага гарсны дагуу үүнд багтаж жолоочийн курст суралцан жолооч болоод 1970 онд 1-дүгээр автобазд жолоочоор ажиллан шатахуун зөөж 1973 оноос Автотээврийн 22-дугаар базд жолооч, 1976 оноос Багануурын 33-дугаар автобаз шинээр байгуулагдахад нь жолоочоор ажиллаж1988 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан.

1962 оны зун Зоо-Мал эмнэлгийн салбарын хамт олон Бор багшийн удирдлагаар Эрээнцав, Дашбалбар, Баяндун, Гурванзагал сумдаар явж Зоо-Мал эмнэлгийн шинжлэх ухааныг малчдад сурталчлах хоёр сарын аянд миний бие оролцон урлагийн тоглолтоор дуулдаг байж билээ.

Жолоочоор ажиллаж байхдаа Эх орныхоо бүх аймаг сумдаар явж үзсэн дээ. МХЗЭ-ийн төв хорооны хүндэт жуух, тавдугаар 5 жилийн гавшгайч цол тэмдгээр шагнуулж байлаа. 2008 оны 7-р сард Улаан Үд, Эрхүү хотод болсон буриадын Алтаргана наадамд очиж их юм үзлээ.

Ангийнхандаа эрүүл энх, аз жаргалтай амьдрахыг хүсье!

Баруун Хуасай овогт Дамдины Лхамдондог

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen